УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "Төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой гэдэг тогтоолын төслөөр дөрөвдүгээр сард санал авсан. Энийг хамтатгаж, хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна. Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж нь эдийн засгийн 50-иас дээш хувийг эзэлдэг. Үүнийг дагасан хулгайн асуудал нүүрлээд байна. Өнөөдөр төр, орон нутгийн өмчит 380 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээрээс том нэг аж ахуйн нэгжийн хөнжлийг сөхөхөд улсаа сүйтгэх хэмжээнд хүрч байна.
Нэг тонн нүүрс тутмаас 3-5 ам.долларын авлига авдаг гэдэг яриа тогтчихсон байсан. Энэ бол асуудал. Ард иргэдэд яагаад гэсэн олон асуулт үлдэж байна. Яагаад гэрээнүүдийг илрүүлэхэд хойрго хандаж байна вэ. Эрх баригчид зургаан жилийн хугацаанд улсынхаа эдийн засагтай тэнцсэн хулгайн асуудлыг илрүүлээгүй юм бэ" гэв.
Д.Батчулуун