УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн үед Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй хуулиудыг хэлэлцэх гэж байна. Батлах нь зүйтэй. Хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулинд орлого зарлагыг нотолдог байх нь зүйтэй. Бид ардчиллын нийгэмд шилжээд улс орны эдийн засаг хөгжсөнгүй. Өсөлт, өгөөж байхгүй. Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын 42 хувь нь ядуурсан. Үйлдвэрлэл байхгүй. Хэрэглэгч улс болсон. Экспорт, импорт нь хамааралтай болчихсон. Мянган хүнд ногдох халдварт өвчний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
ОУВС-гийн хөтөлбөрт зургаан удаа орсон. Долоо дахь удаагаа орох магадлал өндөр. Түгжрэл, утаа гээд маш их асуудал бөөгнөрсөн. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногдож байна. Энийг олон улсад олигархажсан загвар гэдэг. Гэтэл газрын баялгаараа дэлхийд 10-т ордог. Хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь хулгай. Сүүлийн гурван жил энэ талаар хангалттай ярьсан ч байхгүй. Өнгөрсөн 30 жил төрөө удирдаж чадсангүй. Сая АТГ-аас таван хүний нэрийг зарласан. Энэ нэрийг зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны гарз шүү. Жинхэнэ хулгайч нар нь цаана үлдлээ. Хэдэн жараахайгаар тоглочихлоо. Тулууд нь цаана нь хэвтэж байна гэдгийг жагсагчид хэлж байна. Өөрийн бодлоор ажлаа хийдэг УИХ-ын таван гишүүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй шүү. Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй. Жинхэнэ хулгайч нараа зарла" гэв.
Д.Батчулуун