УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдрийн МАН долоон жилийн турш эх барьсан. Бүр шатанд төр барьж байгаа. Бүх хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, Концессын гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг бид цэвэрхэн, сөрөг хүчин муухай гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудамжинд байсан. Тэднийг шалгаад шилийг нь харахгүй яасан юм бэ. Зөндөө шалгаад юу ч гараагүй биз дээ.
Би хоёр жил Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ярьж байхад яагаад өнөөдрийг хүртэл АТГ хяналт тавиагүй юм бэ. Тэнд нь хяналт тавиагүй Хилийн тагнуулын газрын даргадаа хариуцлага тооцол доо.
Нүүрсний машиныг яагаад бүртгэлгүй гаргасан юм бэ. Гаалийн даргадаа хариуцлага тооц. Намайг Б.Ганхуяг хоёр удаа цагдаад өгсөн. Би тодорхой мэдээллийг цагдаад өгөөд байхад шалгаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Хилийн хяналтын албаны дарга, ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооц. Татварын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц. Өнгөрсөн 2016 онд машин болгон авдаг энгийн цаас байсан С зөвшөөрлийг авлигын схем болгож, жолооч болгон хоёр сая төгрөгийн авлига төлдөг болгосон. Яагаад энэ төвийн даргадаа хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Өнөөдрийн өөрсдийн гар хөл болсон дарга нартаа хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр Бүрэн эрхэт төлөөлөгч томилж байхын орон хариуцлагаа тооц" гэв.
Д.Батчулуун