Ардчилсан намаас өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ҮАБЗ-руу хандан, шаардлага хүргүүлж буй талаар мөн "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-тай холбоотой асуудлаар мэдээлж байна. Энэ үеэр тус намын дэд дарга Б.Ган-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрх баригч нам нүүрсний хулгайн асуудал дээр байж болох бүхий л муу муухай аргаа хэрэглэж байна. Буруу бүхнийг хэн нэгэн рүү чихэхгүйгээр тухайн асуудлын үнэнийг олно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргад гурван саналтай албан бичиг хүргүүлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх хурлын тэмдэглэлийг өгөөч.
Хэн нь юу гэж яаж ярьсан гэдгийг бид мэдмээр байна. Мөн энэ хугацаанд төрийн нууцад хамааруулсан нүүрсний гэрээний жагсаалт, эх хувийг нь үзмээр байна.
Монгол Улсын 4-5 жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгийг хулгайлсан гэх асуудал чамгүй хугацаа өнгөрч, гадаа хүмүүс байсаар байтал УИХ, ҮАБЗ-ийн гишүүд зүгээр хараад сууж болохгүй. Хуульд заасан эрх хүрээний хүрээнд тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй. Нэгнийгээ цахим орчинд гүтгүүлмээргүй байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийг төөрөлдүүлж байна. Орон нутгийн иргэдийн өмчтэй Тавантолгойг МАН булааж авах ч гэж байгаа юм билүү? Бүх зүйлийн буруутан Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн боллоо. АН-аас сонгогдсон А.Адъяасүрэн гишүүнийг харлуулж байна. Намын улс төрийн зөвлөл өмөөрөх ёстой. Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэн гэхээр 2012 оноос хойших Засгийн газрын бүрэлдэхүүн учраас тэд өөрсдийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй болоод байна" гэв.
Сэтгэгдэл (1)