УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хөгжлийн банкны шалгалтын материалыг нуун дарагдуулсан гэж мэдээлсэн билээ. Үүний хариуд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Намайг Хөгжлийн Банкны шалгалтын материалыг нуун дарагдуулсан гэх Б.Энхбаярын гүтгэлэгт хариу өгье.
Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.6-д Хөгжлийн банканд 2 жил тутам ээлжит хяналт шалгалт орохоор заасан. Энэ хуулийн дагуу ээлжит шалгалтуудыг 2019 оны 2-р сар, 2021 оны 8-р сард хийсэн байдаг.
2020 оны 4-р сард Хөгжлийн банк нь Засгийн Газрын шийдвэрээр Сангийн яаманд шилжиж ирсэн. Хэл амтай, хүндэрчихсэн банк хүлээж авсан тул бүх удирдлагыг сольж, Монголбанктай хамтран шалгалт оруулах шийдвэрийг 5-р сард би гаргасан. Дахиад хэлье, шалгалт яаралтай оруулах шийдвэрийг би гаргасан.
Шалгалтын дүнтэй танилцаад банкан дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар 2020 оны 9-р сард Засгийн газарт танилцуулсан. (Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хавсаргав)
Танилцуулагатай холбогдуулан Засгийн газар чанаргүй, муу зээлүүдийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн 16 зээлдэгчийн 879.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль хяналтын байгууллагуудад хандаж эхэлсэн байдаг.
Шалгалт оруулж, Засгийн Газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад хандаж, зээлээ төлдөггүй компаниудыг шүүхэд өгч, зээл бүрийн хойноос хөөцөлдөх ажлыг эрчимжүүлсэн байхад юун шалгалтын материалыг нуун дарагдуулсан бэ? Бага доромжлоорой, бага гүтгээрэй.
Яг үнэнийг хэлэхэд Хөгжлийн банкны олгосон зээл буцааж төлөгдөж буй одоогийн нааштай үр дүнгийн суурь бол Хөгжлийн банкыг Сангийн яаманд шилжүүлэх шийдвэр, түүний дараа яаралтай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гэдгийг онцгойлон хэлмээр байна" гэжээ.
Сэтгэгдэл (10)