Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батттулга буухаасаа өмнө Төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх захирлуудыг Хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байсан. Харин өдгөө эдгээр баатар, гавьяатууд "Нүүрсний" гэх хэргийн гол эздээр нэрлэгдэж байна. Нүүрс, төмөр замын хэрэгт холбогдож байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн "баатар" -уудыг танилцуулъя.
Нэг. Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны зургадугаар сарын 6-ны өдөр хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан. Төрийн өмчит энэхүү компани Тавантолгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналт болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийн захиалагч байсан юм. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ил болгосон 9 оффтэйк гэрээгээр захиалагчаар Н.Удаанжаргалын удирдсан "Тавантолгой төмөр зам"-ын захиалгатай, "Бодь"-ийн гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ ил болсон. Эндээс нэг км төмөр замыг ойролцоогоор 16 тэрбум төгрөгөөр Н.Удаанжаргал болон А.Амундрагийн хоршил барьж байгуулжээ гэдгийг харж болж байгаа. Ийм өндөр дүнгээр төмөр зам барьж, төлбөрт нь Тавантолгойн нүүрсийг "Бодь"-ийнхонд өгсөн түүнийг "Нүүрсний" хэргийн нэг эзнээр тодруулсан. Гэвч тэрбээр энэ хэрэг нийгэмд задрах мөчтэй зэрэгцэн хилийн дээс алхсан бөгөөд одоогоор эх орондоо эргэж ирээгүй байна.
Хоёр. Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр
"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр бол Х.Баттулга Ерөнхийлөгчийн төрүүлсэн бас нэгэн баатар. Түүнийг 2021 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан бөгөөд Х.Баттулга Ерөнхийлөгч буухаас ердөө сар гаруйн өмнө гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн нутаг нуга болох Т.Мөнхбаярын хувьд маш олон дуулианд нэр холбогддог. Хамгийн сүүлд "Нүүрсний" хэргээр найман хүнийг АТГ-аас саатуулсан мэдээнд түүний нэр бас л холбогдсон. Т.Мөнхбаяр бол Салхитын мөнгөний ордын мөнгөний хүдрийг "Трафигура" компанид өгч бэлэн мөнгө төрд босгож өгсөн "гавьяа"-г өөртөө наадаг нэгэн. Гэхдээ энэ нь гавьяа биш гай байжээ гэдэг нь эдгээр өдрүүдэд ил болж байгаа. Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярын хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын өндөр албан тушаалтнуудын сонгуулийн мөнгийг "Эрдэнэс силвер ресурс"-ээс босгосон байж магадгүй хэрэгт холбогдон шалгагдаж байв. Өдгөө нэмээд "нүүрсний" хэргийн нэг оролцогчоор нэрлэгдээд байна. Магадгүй түүнийг сайн шалгавал "Нүүрсний" хэргийн жинхэнэ эздүүд ил болох нь цаг хугацааны л асуудал болж байх шиг байна.
Гурав. Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан
Баянхонгорын уугуул нэгэн эр Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед гэнэт тодорч гарсан нь Дамдинсүрэнгийн Жаргалсайхан байлаа. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан цөлх эр Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдож олны анхаарлыг татаж байлаа. Ингэж анхаарлын төвд орж байсан түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээсэн юм. "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанийн захирал Н.Удаанжаргалтай нэг өдөр Хөдөлмөрийн баатар болсон тэрбээр мөн л Н.Удаанжаргалын адил Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын оролцогч. Нүүрс хийгээд төмөр замын хэрэгт хамгийн их оролцоотой хүний хамсаатан байж мэдэх түүнийг хуулийн байгууллагынхан хараандаа авсан тухай мэдээлэл буй.
Дөрөв. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр энгэрээ цоолуулсан Төрийн өмчит компанийн дараагийн Гүйцэтгэх захирал бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. "Эрдэнэс Тавантолгой"-г цаасан дээр байхаас нь л ажилласан гэдэг Б.Ганхуяг захирлын хувьд "Нүүрсний" хэргийн одоогоор зарлагдаад байгаа хамгийн том, бас баримтууд нь ил байгаа оролцогч. Х.Баттулга Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны есдүгээр сард аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж байсан Б.Ганхуяг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (9)