Өдгөө 8 дахь өдрөө үргэлжилж байгаа иргэдийн жагсаал эхэлсэн өдөр 90 оны ардчилсан хувьсгалын туг нь явсан Э.Бат-Үүл өөрийн сошиал хуудаснаа “Жавар сөрсөн жагсаал хувьсгал болон хувирдаг” бичсэн байсан санагдана. Улсаа тонон дээрэмдсэн улстөрчдөд уурлаж бухимдсан иргэдийн жагсаал ийм олон хоног үргэлжилж байгаагаас харахад түүний үг үнэнийг зөгнөсөн ч байж болох талтай.
Бүр магадлалтай нь “Нүүрсний” гэх энэ хэрэг нь зүгээр ч нэг хулгайн хэрэг биш, бүр мафижсан, МАНАНжсан, он удаан жил үргэлжилсэн нь эл өдрүүдэд ил болж байгаа нь иргэдийн жагсаалыг хувьсгал болгон өрдөж мэдэхээр байна.
Нүүрсний хулгай хийгээд улстөржилтийн улмаас алдагдсан боломжуудын өртөг хэдэн их наядаар хэмжигдэхийн нөгөө талд хэдхэн арван мянган төгрөгөөр амьдрал залгуулдагиргэд нэгдэж, нягтарч байна. Энэ бол зам нийлэх жам ёсны цэг нь, иргэдийн хувьд. Хасах 30 хэм давсан хүйтнийг үл ажран хулгайлагдсан боломжуудаа буцаан авчрах гэж Чингисийн талбай дээрээ нэгдэн нягтарсан тэдэнд эхлээд монгол хүн бүр талархах ёстой байх. Тэдний шаардлагын улмаас “Нууц”-ын тамгатай гэрээнүүд ил болж, тэдний шаардлагаар хууль хүчнийхэн ил тод ажиллаж эхэлж байна. Иргэдийн дэмжлэгтэйгээр МАНАНжсан нүүрсчидтэйгээ тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт одоо ганцхан удаа итгээд үзье. Ингэх гурван шалтгаан байна.
НЭГ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн байгуулсан 9 оффтэйк гэрээг нууцын зэрэглэлээс гаргаад байгаа. Эдгээр гэрээ ил болсноор “Гашуунсухайт”-ын төмөр замыг нэг км-ыг нь бараг 16 тэрбум төгрөгөөр “Бодь”-ийнхон барьжээ гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-н сайт руу ороод хэн ч харчих боломжтой болсон. Энэ зам баригдах хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н гаргасан ихэнх нүүрс төсөвт биш “Бодь”-д өгөөжөө өгч байжээ гэдэг нь ил болсон. “Задлан” хийгээд яриад байвал Хүрээний бузрыг давах далай тэндээс цийлэлзэж байгаа. Давалгаа нь хэчнээн эрх мэдэлтэн, НАМчин, цүнхчинг хамж ирэх нь одоо “Нүүрсний мафи”-тай тэмцэхээ иргэдийн өмнө амалсан Ерөнхий сайд, түүний Засгийн газрын хэр шударга хийгээд шуурхай ажиллахаасшалтгаална. Хамгийн сүүлийн мэдээллээр бол Засгийн газар БНХАУ-ын компаниудтай холбоотой гэрээг ил болгох саналаа Хятадын талд тавиад байгаа юм билээ. Энэ ил болбол “Нууц”-ын дардасны ард улстөрчид увайгүй бизнесийнхэнтэй хамтраад улсынхаа хөгжлийг хэрхэн боомилж, ууж идэж байсан баримтууд гарч ирнэ. Энд АН гэхээс илүү МАН-ын улстөрчид холбогдоно гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Жагсаал эхлэхээс ч өмнө “Нүүрсний хулгай”-н талаар чанга дуугарч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр “Нүүрсчид”-тэй тэмцэж чадах уу гэдэг асуултыг хариултгүй үлдээмээргүй байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгээд үзэх эхний шалтгаан.
ХОЁР.
Нүүрсний гэх энэ хэрэг хэд хэдэн үзүүртэй. Биетээр, биет бусаар, гэрээ контрактаар, хил гаалиар, тээврээр Монголын нүүрсийг хэдхэн эрх мэдэлтэн хэрхэн хувааж идэж байсан тухай баримтуудын оройн хэсэг дөнгөж л ил болж байна.Ээлжит бусаар хуралдах Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговьд ажилласан хууль хүчнийнхний өргөтгөсөн багийн мэдээллийг сонсох тухай бор шувуу нисэж байна. Иргэдийн шаардлагын дагуу ингэж шуурхай ажиллаж, үр дүнг нь зарлаад ил тод байвал Засгийн газарт итгэж яагаад болохгүй гэж? Тээвэр хийдэг 9000 жолоочийн хамаарлыг задалж, ямар улстөрчидтэй яаж холбогддог гэдгийг МАН, АН гэлтгүй зарлаад явбал Засгийн газарт итгэх иргэдийн итгэл бөхөхгүй шүү дээ. Гэхдээ “Дуутай тэнгэр хургүй” байвал утгагүй. Хамгийн гол нь “Нүүрсний мафи”-тай хариуцлага тооцож чадаж байгаа эсэхээр нь Засгийн газарт иргэд эргээд хариуцлага тооцох эсэхээ шийднэ гэдгийг мартаж болохгүй.
ГУРАВ.
Нүүрсний хэргийн нэг үзүүр орон нутгийн буюу олны нэрлэдгээр жижиг Тавантолгой руу чиглэдэг. УИХ-ын гишүүний ихэнх хувийг эзэмшдэг энэ компанид Засгийн газар ээлжит Бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон. “Эрдэнэс Тавантолгой”-д Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг БЭТ-өөр томилж байсан Засгийн газар энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Өмнөговь руу, жижиг Тавантолгой руу БЭТ болгон илгээсэн. Тэр хэрвээ сайн ажиллавал Монголын иргэд хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-н орд газруудаас УИХ-ын гишүүний эзэмшдэг компани ямар замаар, хэчнээн тонноор хэмжигдэх нүүрс бүхий мөргөцгийг хулгайлж байсан баримт ил болно.Магадгүй Үндсэн хуулиар тунхагласан “ард түмний мэдэлд байх” баялгийг хэрхэн яаж хулгайлж, хэрхэн яаж санал худалдан авч, хэрхэн яаж эрх мэдэлд хүрдгийн асар том жишээ энэ хэргээр ил гарч ирэх байх. Ил болбол иргэд дахиж хулгайлуулахгүй, иргэд дахиж хууртахгүй, иргэд дахиж итгэхгүй. Иргэд их төлөөс төлж буй ч энэ бүхэнд хариуцлага тооцох байх гэсэн найдвар тээсээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт одоо ганцхан удаа итгээд үзье.
О.Балдан-Очир
Гэрэл зургийг Б.Уугансүх
Сэтгэгдэл (11)