УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг дэмжиж байна. Гэхдээ бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Жагсагчид нүүрсний хулгайн төлөө зогсч байна. Энэ түр хороо байгуулаад зургаан сар өнгөрсөн. Энэ хугацаанд түр хороо ямар ажил хийж, үр дүнд хүрсэн бэ. Одоо хийж чадахгүй байгаа, УИХ болон парламентаас дэмжлэг авах ямар асуудал байна.
Нууцлалын гэрээ хэчнээн байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтаар үнийн асар их зөрүүтэй асуудлыг ярьдаг. Гашуунсухайтын төмөр зам нь нэг километр нь таван сая ам.доллар. Богд хаан төмөр зам нь километр нь найман сая ам.доллар.
Гэтэл Хангийн төмөр зам нэг километр нь 1.7 сая ам.долларын үнэ өртгөөр найман сарын хугацаанд босголоо.
Энэ төмөр замын гэрээ нууц байгаа юм уу. Ер нь түр хорооны гишүүд үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байна вэ. Т.Доржханд бараг 40 их наядын нүүрсний хулгайг хийсэн гэж яриад байх юм. Түр хороо бүрэлдэхүүнээрээ олон нийтэд мэдээлэл өгч болохгүй юу. Гишүүд нь өөрсдөө улс төр хийж байна уу гэж хардаж байна" гэв.
Д.Батчулуун