Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй.
“Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд авч хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувь болоод байна.
Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс, олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлүүлээд байна.
Экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5,134 буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард зогсоод байсан Булган боомтын үйл ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 05-наас нээгдэж, Бичигт боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгсэл, 12.3 мянган тонноор нэмэгдсэн байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх сарын эцэстэй харьцуулахад 149 сая ам.доллароор нэмэгджээ.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд анхаарч ажиллахыг даалгалаа.
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулжээ
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын танилцуулгыг сонслоо. Тэрбээр дараа нь мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаагаад байна. Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулаад байна.
Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2022 оны аравдугаар сарын эхээр 53.5 мянган тонн хүртэл буураад байсан экспортыг 110.9 мянган тоннд хүргэн хоёр дахин, өдрийн ачилтын хэмжээ 19.8 мянган тонн, 202 тээврийн хэрэгсэл хүртэл буураад байсныг өдөрт дунджаар 75.4 мянган тонн, 721 тээврийн хэрэгсэл хүртэл нэмэгдүүлэн 3.8 дахин өсгөж, нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдүүлэх зорилгоор нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгов.
Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулж дууслаа.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав.
Боомтын сэргэлтийн хүрээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудыг барьж байгуулан боомтуудад хүргэснээр тус төмөр замуудаар тээвэрлэлт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрш орны боомтуудтай холбож хил дамнасан төмөр замаар холбох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүсээд байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа
Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болголоо.
Тус календарьт соёлын 20, аялал жуулчлалын 17, спортын 14, олон улсын шинж чанартай 20 гаруй арга хэмжээг тусгасан бөгөөд онцлох 20 арга хэмжээг Засгийн газрын түвшинд санхүүжилт болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болно
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
“Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, дотоодын агаарын тээвэрлэгчид АНУ-руу шууд нислэг гүйцэтгэж эхэлснээр манай улсын иргэд тус улс руу хямд зардлаар зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж бүрдэх юм.
Цар тахлын өмнөх агаарын тээврийн оргил үе болох 2019 онд Монгол Улс, АНУ хооронд 57,813 зорчигч зорчсон нь БНСУ, БНХАУ, Япон Улсын чиглэлийн дараа орох томоохон зорчигч урсгалын үзүүлэлт бөгөөд хоёр улс хооронд шууд нислэг эхлүүлэх зах зээл бий болсныг илтгэж байна.
Тийз захиалгын системийн “Sabre” компанийн мэдээллээр Монгол-Америк хооронд 2019 онд зорчсон нийт зорчигчдын тийзийн худалдан авалт 45 сая ам.доллар байсан бөгөөд тухайн зорчигчдын дийлэнх хувь буюу 41,000 гаруй зорчигч нь 30 сая ам.долларын тийзийн худалдан авалтаар Сөүл, Бээжин хотуудаар дамжин зорчжээ.
Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов
Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоолоо.
Өсөлт тогтвортой байгаа агнуурын бүс нутгаас агнуурын нөөцөд тулгуурлан зохистой хэмжээнд ашиглах нь тухайн амьтдын тоо толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд экологийн болон эдийн засгийн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (1)