Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзлаа.
Энэ үеэр тэрбээр "Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй. Эрх ашигтнуудын хууль хяналтын байгууллагад тогтоосон хана, цайз хэрэм үргэлжлэх болно.
Өнөөдөр төв талбайд жагссан бүх хүний миний ярианд ач холбогдол өгч сонсохгүй байж болно. Гэхдээ залуучууд минь би адилхан залуу хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Өмнө нь ч тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэх болно.
30 жилийн хугацаанд бий болсон завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс хамтдаа нүд цавчилгүй нэгдэж, хууль хяналтын байгууллагыг харж, шүүх засаглал хэргийг хэрхэн шийдэхийг үзэх болно.
Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна" гэв.
Сэтгэгдэл (6)