Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369 сая ам.долларын үнэ бүхий 4.2 сая нүүрс борлуулаад байна. Үүнээс арваннэгдүгээр сард 205 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлоод байна. 3.5 сая тоннн нүүрс борлуулснаас Монголбанканд 143 сая ам.доллар тушаагаад байна. 396.5 сая долларыг өнөөдрийн байдлаар борлуулалт хийж олоод байна. "Эрдэнэс Тавантолгой" компани аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилж мөнгө авч, дараа нь нүүрсээр төлбөрөө хийх өр төлбөрийн асуудал байснаас 185 сая ам.долларыг барагдуулсан.
"Эрдэнэс Тавантолгой" компани үлдсэн өр төлбөрөө богино хугацаанд барагдуулна. Үүний дараа мөнгийг нь урьдчилж авахгүйгээр, нүүрсээ борлуулаад, борлуулсныхаа орлогыг төвлөрүүлдэг зарчим руу шилжих хэрэгтэй байна.
Оффтейк гэрээг ил болгох асуудлаар "Эрдэнс Тавантолгой" компанид ажлын хэсэг гарч, нууцын зэрэглэлийн гэрээг ил болгох хүсэлтээ ТЕГ-т хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ТЕГ нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох асуудал хуулийн хүрээнд боломжтой юм байна гэдгийг хэлсэн. Үүн дагуу нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох хүсэлтээ ЗГ-т хүргүүлсэн. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанд тус асуудлыг дэмжсэн. Гэхдээ ГХЯ-аар дамжуулан гэрээний нөгөө тал болох Хятадын хөрөнгө оруулагч талаас зөвшөөрөл авсны дараа ил болгох чиглэл өгсөн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)