Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбарын бодлого үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Мөн Монгол Улсын иргэдийг олон улс, хотууд руу шууд, хямд, ая тухтай нисэх боломжийг олгож байгаа.
Ирэх хавраас БНСУ-ын Инчон нисэх буудлаас Улаанбаатар хот руу долоо хоногт 70 нислэг хийх боломжийг нээж өгнө. Мөн бусад хотууд руу тээвэрлэлт хийх боломжийг нээж өгч байна.
Хоёрдугаарт, хилийн боомтуудыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ажлын техник, эдийн засгийн нөхцлийг бий болгох, зураг төслийг хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдөр бид хэдийгээр төмөр зам барьсан хэдий ч Хятадын төмөр замтай холбогдоогүй. Өнөөдөр манай төмөр замын хүчин чадал тав сая орчим байгаа. Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандал, Гашуунсухайт гэсэн дөрвөн боомтыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын ачааны хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх бололцоо бүрдэнэ. Ийм учраас төмөр зам барьж байгуулах нь чухал байгаа. Төмөр замуудыг байгуулахад өргөн, нарийн хоёр цариг хоёулаа явна. Өргөн цариг нь Хятад улсын нутаг руу орно. Нарийн цариг нь Монгол Улс руу орж ирнэ " гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)