УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгээр үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариуллаа. Цахим орчинд "майхан бариад отогловол 100 мянган төгрөгөөр торгоно" гэсэн утга бүхий мэдээллүүд тархаад байсан. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь аялал жуулчлалыг бүхий л талаараа дэмжсэн хууль байх ёстой. Гэтэл торгоно, хураана гэсэн заалтууд их байна. Монголчууд гэр бүл, найз нөхдөөрөө аялах дуртай. Гэтэл дотоодын иргэдийнхээ аялах зугаалах эрхэнд халдсан заалтууд орж байна. Жишээлбэл, зөвшөөрөөгүй газар майхантай буудаллавал 100 мянган төгрөгөөр торгоно, зөвшөөрөлгүй газар явсан бол нэг сая төгрөгөөр торгоно гэх мэт заалтууд орж иржээ. Ийм заалтууд байж болохгүй. Үүнд тайлбар өгнө үү?
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Энэ бол маш буруу ойлголт. Аялал жуулчлалын бүсийг цаашид улсын аялал жуулчлалын бүс, орон нутгийн аялал жуулчлалын бүс гэсэн хоёр бүс гаргаж байгаа.
Улсын аялал жуулчлалын бүс гэдэг нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нийт газар нутгийн 21 хувийг хамаарч байгаа 32.7 сая га газарт байгаа ашиглалтгүй буюу тусгай хамгаалалтад авчихсан байгаа газруудад тодорхой хэмжээнд аялал жуулчлалыг зохистой ашиглалтаар хөгжүүлэх буюу тодорхой отоглох цэгүүдийг байгуулж зөвхөн энэ цэгт үйлчлэх хэлбэрийг оруулж байгаа. Хуульд орон нутгийн аялал жуулчлалын бүс гэлгийг үүнд хамтатгаж оруулсан байсныг хасах ёстой гэж харж байгаа. Иргэд дуртай газраа очоод хонодог байсныг болиулж байгаа юм байхгүй" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)