УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, "Бид чанартай хууль батлах үндсэн чиг үүрэгтэй. Эдийн засаг агшсан энэ үед бидний хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа мэт дутуу дулимаг хууль, олны хүлээлтэд хүрч чадахгүй байна.
Тухайлбал, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар дамжуулан эдийн засагт эерэг нөлөө бий болгох, төсвийн ачааллыг бууруулах зэргийг олонхоор хүч түрж үгүй хийлээ. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа үрж сууна.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-г залгисан асуудалд УИХ дүр эсгэсэн, иргэдийн амьдрал, хувийн хэвшилд нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд буй улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтныг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна" гэв.