УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хууль л бол хууль. Бүх хууль чухал. Хуралдаж чадахаа байлаа. Миний микрофоныг хаахгүй шүү. Ард түмний амыг хаадаг хэн бэ. Давжаа парламентийг давхар дээлтэй болгосон. Энэ хариуцлагыг УИХ-ын дарга та хүлээ. Европын холбоо манай хойд хөрш ОХУ-ыг терроризмыг дэмжигч гээд зарлачихлаа. Хоригт орчих юм биш биз дээ.
Өнөөдөр дизелийн түлш тасарсан, улс орноороо хямарсан байна. Ганцхан орноос, тэр тусмаа төрийн өмчит компаниас хамааралтай байж болохгүй шүү дээ. Гоё, сайхан болно л гээд байсан. Хаа байна. Би хэлсэн шүү дээ. Дефолтод орох нь гэж.
Хэлж ярихгүй бол ялзардаг. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг. Өнөөдөр харанхуй, хөлдүү засагтай болчихоод байна. Ард түмнийхээ хэлж, ярьж буйг сонсохгүй ийм арчаагүй байж яаж таарах юм бэ. Дотоодын компаниа дэмжсэн бодлого явуулахын оронд хараат болгох гээд хичээгээд байх юм. Нөгөө нефтийн үйлдвэр хаана байна вэ" гэв.
Д.Батчулуун