УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зарчмын хувьд энэ хуулийг дэмжиж байна. Эдэлбэр газруудаас төлбөр авах уу? Төлбөрийн ангиллыг илүү олон болгож, нарийвчлах ёстой гэж бодож байна. Тэгж байж бид төвлөрлийг багасгаж, сааруулна.
Алслагдсан бүс нутгаас төлбөр авмааргүй санагдаад байна. Төлбөр авахаас зах зээл рүүгээ бөөгнөрөөд байгаа юм. Эдэлбэр газраас авч буй төлбөрийг илүү олон болгох ёстой юм болов уу. Газар олголттой холбоотой маргааны үндэс юу байгааг бид олж тогтоох ёстой.
Дээрээс нь төлбөртэй холбоотой асуудал байна. Түгжрэлийн үндэс бөөгнөрөл шүү дээ. Тун удахгүй зуслангийн газар асуудал болно. Яг ижилхэн. Айл болгон байшин барьсан. Газрын төлбөртэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хаана сууллаж, хаана чангалахаа сайн тодорхой болгох хэрэгтэй. Хувийн төлбөрөө төлөөд барилга барьж байгаа хүмүүсээс дахин төлбөр авах юм уу. Энэ хуулийн төслийг маш сайн хэлэлцэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун