УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан "Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хуралдаанд оролцогчдын асуулт хариултаас хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Өнөөдрийн байдлаар Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд хэчнээн иргэн газар эзэмшиж байна вэ. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн уг эрх хэвээр байх уу. Энэ жишгээр газар авсан иргэдийн төлбөрийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх вэ. Хэрэв иргэн газраа эзэмшээгүй бол ямар нэгэн байдлаар улсад хураагдах уу. Ямар нэгэн байдлаар газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалтын газрын дарга А.Энхманлай "Газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 660 мянга гаруй иргэн газар өмчилж авсан ба 486 мянган газар эзэмшигчээр, 6600 орчим газар ашиглаж байгаа гэсэн нэгдсэн бүртгэл бий. Энэ хуулиар газрын төлбөр тооцож байгаа хэсгүүдэд нийт 158 тэрбум төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалтыг үүсгээд 110 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Цаашид хууль батлагдсанаар 458 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа.
Газрын төлбөртэй холбоотой хууль хэрэгжсэнээр тодорхой хариуцлагууд хүлээгдэнэ. Газрын ногдуулалттай холбоотой маргаан гарвал газрын маргаан таслах зөвлөлийн хүрээнд шийдэгдэнэ. Харин газрын төлбөр, хураалт төлөлттэй холбоотой маргаан үүсвэл татварын ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан. Хоёр жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах талаар холбогдох шийдвэр гаргах субъектэд Татварын ерөнхий газраас мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Үүний дараа тухайн эрх цуцлагдахаар газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг чөлөөлөх харилцаа үргэлжилнэ. Хэрэв иргэдийн зүгээс гомдолтой гэж үзвэл шүүхийн журмаар шийдвэрлэхээр хариуцлагын асуудлыг тусгасан” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)