УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Газар бол устдаггүй, шатдаггүй, нурдаггүй, сүйрдэггүй ганц хөрөнгө. Энэ утгаараа хамгийн үнэтэй. Энэ үнэтэй баялгаа бид үнэ цэнгүй байлгаж байна. Газрын төлбөр буюу татвар дээр хэлж байгаа юм.
Газрын үнэ тогтоох аргачлалд байршлыг л онцолж байна. Одоогоор ганцхан үндэслэл ашиглаж байгаа. Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж төлбөрийг нь авдаг. Гэтэл бусад улс орнуудад 90 гаруй төрлөөр газрын үнэлгээ тогтоодог юм билээ.
Газрын байршил, дуу чимээ, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч газрын үнэ бодитой тогтоогддог. Ингэж бодитой тогтоосны үндсэн дээр тэр газрын зүй зохистой буюу татварын хэмжээг тогтоодог. Орж ирж буй хуулийн төслөөр орон нутгийн иргэдийн хурлуудад эрх мэдлийг шилжүүлж байна. Тэр хэмжээг тогтоох эрхийг Иргэдийн хуралд шилжүүлж байгаа учир би дэмжиж байна" гэв.
Д.Батчулуун