"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын гадаад орлогыг нэмэгдүүлэх тухай 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК 341.5 сая ам:долларын үнэ бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрсийг борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуун сухайт боомтоор экспортолж гаргалаа. Миний бие Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хоног дээрээ ажиллаж байна.
Аравдугаар сарын 5-ны байдлаар буюу Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдах өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр 603 сая ам.долларын өр байлаа. Үүнээс 152 сая ам.долларын 35 хоногийн хугацаанд өрийг барагдууллаа. Үлдэгдэл нь 451 сая ам.доллар байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өрийн дарамт буурч, санхүү сайжирч байна хэмээн харж болно.
Экспортыг нэмэгдүүлэх тухай Засгийн газраас өгсөн үүргийн дагуу аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар өдөрт 53.5 мянган тонн нүүрс гаргаж байсан. Харин арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар өдөрт 110.9 мянган тонн нүүрс гаргаж, экспортыг хоёрд дахин нэмэгдүүлж ажиллалаа. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК уурхайгаас Цагаан хад чиглэлд өдөрт дунджаар 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс экспортолж байсныг гурваас дөрөв дахин нэмэгдүүлж 700 автомашинаар 74.2 мянган тонн хүргэж ажиллалаа.
Хамгийн оргил үедээ өдөрт 100.8 тонн нүүрсийг 1285 тээврийн хэрэгслээр тээвэрлэлээ.
Засгийн газраас өгсөн гол үүрэг бол нүүрс борлуулалтын гэрээг ил тод нээлттэй болго гэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн веб сайтад нээлттэй байршуулсан байгаа. Мөн Уул уурхайн яамтай хамтран ажиллаж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)