Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга мэдээлэл өглөө. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Засгийн газрын 362 дугаар тогтоолоор валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэл дээр үүрэг өгөгдсөн. Энэ ажил бодитой ахиц гараад явж байгаа. Эрдэнэс таван толгой компани дээр авч хэрэгжүүлж байгаа бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа эхэлсэн. Богинын болон уртын тээврүүдтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа үр дүнгээр өнөөдөр зөвхөн Эрдэнэс таван толгой компаниас олборлогдож байгаа нүүрсний хэмжээ Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний хэмжээ ихээхэн нэмэгдсэн. Өмнөх сарын байдлаар өдөртөө 70-80 мянган тонн нүүрс гардаг байсан бол яг өнөөдрийн байдлаар багадаа 100 мянган тонн нүүрс гардаг болж өөрчлөгдсөн.
Мөн Боомтын үндэсний зөвлөл БНХАУ-ын Өвөрмонголын боомтын зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр ойрын хугацаанд өдөртөө 150 автомашиныг нэмж гаргах боломжийг илэрхийлж байна. Өмнөх сарын өдийд өдөртөө 600 хүртэл машин гарч байсан бол одоо 850 хүртэлх машин гарах нөхцөл нь нээгдсэн ажиллаж байна. Цаашдаа бид 1000 болгох зорилттой байна.
Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд энэ хил холболтын асуудлыг богино хугацаанд хоёр боомтыг холбох ажил хийгдэхээр зорьж байгаа. Ирэх ондоо багтаад боомтын хил холболтын асуудал бүтэн шийдэгдэж чадах юм бол цаашдаа Монгол Улс жилдээ зөвхөн Гашуунсухай боомтоор 40 орчим сая тонн нүүрсийг экспортлох боломжоо нээж авна.
6,4 сая тонн нүүрс алдагдсан гэсэн мэдээлэл одоохондоо ирээгүй байна. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бол бодит байдал дээрээ дэгсдүүлсэн тоо" гэв.
Д.Батчулуун