Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн оролцогчдын номын тэмдэглэл, бүтээлээр гаргасан үзэсгэлэн Хүүхдийн номын санд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах зорилготой энэхүү төсөл нь СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2021 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жилээс Н.Ганибал гишүүнээс гадна орон нутгийн дэмжлэг үзүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон юм.
Төслийн ерөнхий зохион байгуулагч аймгийн номын сангийн зүгээс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 2600 гаруй бүтээл ирүүлснийг ийнхүү нийслэлчүүдэд дэлгэж байна. Уншсан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгний сав, номын хавчуурга, аяга болон аяганы суурь, цаглабар, зурагт хуудас зэрэг бүтээлүүдийг даавуу, цаас, эсгий, арьс шир, яс зэрэг олон янзын материалаар ширмэл, наамал, оёмол, зүүмэл хэлбэрээр урласан нь нэн сонирхолтой. Түүнчлэн төсөлд оролцож буй 2881 уншигчийн аяны хүрээнд заавал унших ёстой 20 номных нь тэмдэглэл болох 14 мянга орчим тэмдэглэлийн дээжээс бас үзэсгэлэнд дэлгэжээ.
“Судар эгшиглэн” төслийг санаачлагч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, оролцогчдын төлөөллийн сэтгэгдлийг хуваалцъя.
Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий: “Соёл, урлагийн байгууллагуудад ном, соёлын үйлчилгээ явуулах санхүүжилт үнэхээр хангалтгүй байдаг. Манай төслийн хувьд УИХ-ын гишүүн Н.Ганибалын ивээн тэтгэлэг болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр маш амжилттай эхэлж байсан. Төслөө дүгнэх үед энэ бол үнэхээр үр дүнтэй арга хэмжээ юм байна гэдгийг орон нутгийн удирдлагууд олж хараад, ирэх жилийн уралдаанд 20 сая төгрөг төсөвлөхөөр шийдвэрлэсэн нь бидэнд маш том урам зориг өгсөн. Өнгөрсөн жил анх зохион байгуулахад 300 гаруй уншигч оролцоход бид тухайн үедээ маш өндөр үзүүлэлт гэж харж байсан бол энэ жил оролцогчдын маань тоо 10 дахин нэмэгдэж, нас насны 3000 шахам хүн оролцлоо. Сүхбаатарчууд маань ном уншдаг боллоо. Үүнийг улс даяар сурталчилж, хүүхэд залууст сэдэл өгөх зорилгоор 1000 орчим бүтээлийг дээжлэн, Улаанбаатарт ирж, энэхүү үзэсгэлэнг толилуулж байна” гэлээ.
Төслийг санаачлагч, Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа: “Уншигчдын маань номын тэмдэглэл, бүтээлүүд үнэхээр гайхамшигтай. Оролцогчид маань уншсан номынхоо тэмдэглэлийг дэвтрээс гадна торго дурдан, ватум цаас гээд бичиж болох бүх л зүйлийг ашиглан хөтөлж байна. Мөн зарим уншигч маань тэмдэглэлээ Монгол бичиг дээр эсвэл англи хэл дээр хөтөлж байгаа нь бахархмаар.” хэмээн догдлон өгүүллээ.
Төсөлд оролцогч, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Л.Мөнхтуяа: “Энэ жил байгууллага хамт олон, сурагчдынхаа дунд маш олон нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Миний хувьд уншсан номынхоо тэмдэглэлийг крилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлдөг. Бүтээлийн уралдаанд номын тэмдэглэл, хавчуурга, номын тэмдэглэл бичих дэвтэр, цүнх зэрэг бүтээлүүдээр оролцож байна.” гэв. Түүний хувьд 13 сум бүхий Сүхбаатар аймгийн газрын зургийг арьсан дээр урлаж, он, сар, өдөр, цаг, минутыг монгол бичгээр бичсэн нь хэн хүний харааг булааж байлаа.
“Судар эгшиглэн” төслийн ивээн тэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Ганибал “Энэ төслийг анх зохион байгуулахад цар тахал дэгдсэн үе таарсан. Хүмүүс ихэнх цагаа гэртээ интернэт ухаж эсвэл телевиз үзэж өнгөрүүлж байх үед ном унших сэдэл өгөх зорилгоор энэ төслийг эхлүүлсэн нь цагаа олсон үйл явдал болсон.
Кино үзээд дэлхий нийтээрээ нэг л баатрыг хардаг. Харин ном уншаад тухайн номын баатрыг хүн бүр өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан боддог. Тэрхүү дотоод сэтгэлдээ бүтээсэн баатруудаа уншигчид маань номынхоо тэмдэглэлээр илэрхийлэн гаргаж ирдэг. Энэ төсөлд сүхбаатарчуудаас хамгийн их ном уншдаг, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлдэг, оюунлаг хүмүүсийг шүүгчээр урьж, уншигчдын тэмдэглэлийг шүүлгэж байгаа.
Сүхбаатарчууд маань ном унших соёлыг сэргээж, сайхан жишиг тогтоож байгаад бахархалтай байна. Цаашид Монгол Улс даяар энэ туршлагыг нэвтрүүлэх нь чухал. Миний бие үүнд анхаарал тавьж ажиллана.” гэлээ. Дашрамд сонирхуулахад, Н.Ганибал гишүүний ээж С.Нарангэрэл Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан нь ном соёлтой ойр өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэнэ билээ.
“Судар эгшиглэн” үзэсгэлэн өнөө орой /2022.11.29/ өндөрлөнө.