УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол ардын намын 2020 оны мөрийн хөтөлбөр таван бүлэгтэй. Таван бүлгийг хэлэлцээд өнөөдөр дуусаж байна. Энэ талаар мэдээлэл хийнэ. Мөн Газрын багц хуулийн төслөөр ардчилсан нам завсарлага авсан. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох маш чухал хууль. Тус хуульд тусгах, хэлэлцэх заалтууд байгаа учир АН-ын бүлэг завсарлага авсан.
Завсарлана авах үндэслэл нь орон нутгийн өөрөө удирдах эрх рүү халдаж буй, төвлөрсөн удирдлага ихэдвэл төр, Засгийн газар данхайна. Төр данхайвал авлига, хулгай ихэснэ.
Газрын багц хуулийг дагаж орж ирж буй Газар чөлөөлөх тухай хуульд газрын хүчээр чөлөөлөх зарим зүйл заалтыг тусгасан нь хүний эрхэд халдаж буй явдал. Мөн бэлчээрийн газартай холбоотой тусгах зүйл заалтууд бий.
УИХ дахь АН-ын бүлэг бүх гишүүд, дэмжигчидтэйгээ нээлттэй хамтран ажиллах уриалга гаргаж байна. Бүлгийн үйл ажиллагаанд оролцож, хамтарч ажиллаж болно. Мөн нөгөө талаасаа УИХ дахь ардчилсан намын талцал болж байгаа гишүүд нээлттэй оролцох уриалга гаргаж байгаа юм.
МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид бүхэн нэг улсад амьдарч байна. Эрх баригч МАН мөрийн хөтөлбөрийн Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн хэсэгт 207 зүйл заалт амласан. Өнөөдөр түүнээс хэд нь биелсэн байна вэ. Энэ бүх ажил зөвхөн цаасан дээр л үлдэж байна” гэв.
Д.Батчулуун