Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Хангийн боомтоос мэдээлж байна.
Хямрал зарим талаараа боломжийг авчирдаг. Цар тахлын үеийн хямрал манай улсын бүтээн байгуулалтын салбарт “өөрсдөдөө найдах” итгэлийг авчирчээ. Үүний үр дүнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг дотоодын компаниуд өөрсдөө барин өнөөдөр нээлтээ хийж байна. Ердөө найман сарын өмнө газар шорооны ажлаа эхэлж байсан энэ зам өнөөдөр Монгол Улсын экспортын бас нэгэн хаалгыг нээж байна.
“Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” компаниудын барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байгаа Хангийн төмөр зам жилдээ 25 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлж, экспортыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүчин чадалтай. Энэ нь бүтээн байгуулалтын найман сарын хугацаанд өдөрт бараг нэг км төмөр замыг үндэсний компаниуд барьсан гэсэн үг. Хямрал ингэж үндэсний компаниудыг их бүтээн байгуулагч болгож байна.
Өргөн царигаар улсын хил рүү тавьсан энэ төмөр замтай хил хүртэл паралелиар 13 км замыг нарийн царигаар татжээ. Манай улсын Хангийн боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох цэгийг урьдчилан тогтоосон хоёр улсын ГХЯ-ны хилийн асуудал хариуцсан байгууллагуудын 2017 оны протоколын дагуу ингэж барьж байгаа юм.
Өнгөрсөн намар Самаркандад болсон ШХАБ-ын үед гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ханги-Мандалын боомтын уулзах цэгийг эцэслэн тохирох талаар хөндөж байсан бөгөөд нөгөөдөр эхлэх төрийн тэргүүний БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр энэ асуудал дахин хөндөгдөх биз ээ. Одоо Мандалын боомтоос хил рүү ирж манай төмөр замтай холбогдох хэдхэн км замыг Хятадын тал шуурхай шийдчихвэл манай улсын экспортын хоёр дахь том гарц нээгдэж байгаа юм. Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалтад 120 гаруй үндэсний компаниуд, Зэвсэгт хүчний цэргийн Барилга-инженерийн цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд төмөр зам барих материалуудаа ч аль болох дотоодын нөөц бололцоогоороо шийджээ. Тухайлбал, харилцаа холбоог нь Юнител шийдсэн бол цементээ “Монцемент”-ээс, арматураа “Улаанбаатар менежмент”-ээс, бетон дэрээ “Улаанбаатар БҮК”-ээс авчээ. 226.9 км төмөр замын бетон дэрийн 85 хувийг “Улаанбаатар БҮК” нийлүүлсэн аж. Ер нь л энэ төмөр зам үндэсний бүтээн байгуулагчдын хамтын бүтээл болсон гэсэн үг.
Хамгийн бахархууштай нь Зүүнбаян-Хангийн төмөр зам дээр Засгийн газар баталгаа гаргаагүй, зээл өгөөгүй, үндэсний бүтээн байгуулагчид зөвхөн өөрийн хөрөнгөөр хамгийн хямд өртгөөр барьж чаджээ.
Энэ бүтээн байгуулалтаас салаа зам уурхайнууд руугаа татах салаа замын зөвшөөрөл ч бусад компаниудаас ирээд эхэлсэн байна. Ийм богино хугацаанд, ийм хямд өртгөөр үндэсний компаниуд Зүүнбаян-Хангийн 226.9 км замыг барьснаар төмөр замаар тээвэрлэгдэх нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносч буй нь нийт монголчуудын хүртэх үр өгөөж болж байна.
Сэтгэгдэл (5)