Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны хагас жилийн байдлаар нэрлэсэн дүнгээр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 50.1 хувийн гүйцэтгэлтэй байсан бол 2022 оны жилийн эцсийн байдлаар 35.6 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 56.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.
Засгийн газрын зүгээс 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд 1.0 тэрбум ам.доллартай тэнцэх Засгийн газрын өрийн баталгаа гаргасан тохиолдолд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2023 онд 60.1 хувьтай тэнцэх тооцоололтой байна. Энэхүү төсөөлөл нь Засгийн газрын баталгаа гаргах хэмжээ, улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор татан төвлөрүүлэх эх үүсвэр, ханшийн өөрчлөлт, бодит хүүгийн түвшин, ДНБ-ний өсөлт зэргээс шалтгаалж өөрчлөгддөг.
-Засгийн газрын өрд нөлөөлөгч хүчин зүйлс-
Өрийн тогтвортой байдлын шинжилгээнд аливаа улсын Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 50 хувиас давсан тохиолдолд тухайн улсыг “Сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд багтаан илүү нарийвчилсан шинжилгээг хийдэг. Монгол Улсын Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх харьцаа 2021 онд 62.6 хувь байгаа ба 2025 он хүртэл Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй тохиолдолд тус харьцаа 50 хувиас их байхаар төсөөлөгдөж байгаа тул “Сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд орж байна.
Сүүлийн арван жил болон ирэх гурван жилийн Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа хэрхэн өсөж, буурахаар байгааг Графикт харууллаа. Засгийн газрын өрийн хэмжээ 2012-2016 онд ихээхэн хэмжээгээр өссөн байна. Үүнд Засгийн газрын зүгээс шинээр гаргасан баталгаа болон төсөв алдагдалтай батлагдсан зэрэг нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Харин Засгийн газрын өр, ДНБ-ний харьцаа 2017-2019 онуудад буурсан нь ДНБ-ний өсөлт болон бодит хүүгийн түвшнээс хамаарсан байна. Цаашид ч бодит ДНБ-ний өсөлтийг дэмжиж, төсвийн үндсэн тэнцлийг бууруулах нь өрийн тогтвортой байдлыг хангах суурь үндэс болохоор байна. 2022-2023 онуудын хувьд валютын ханш мэдэгдэхүйц суларч, төсвийн үндсэн тэнцэл алдагдалтай байхаар төсөөлөлтэй байгаа ба 2023 онд гаргах Засгийн газрын өрийн баталгаанаас шалтгаалж Засгийн газрын өр болон ДНБ-ний харьцаа өсөхөөр тооцоололтой байна.
-Засгийн газрын өрийн баталгаа-
“Засгийн газрын өрийн баталгаа” нь баталгаа гаргуулагч зээллэгийн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүрэг бөгөөд улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөрт хамаарна. Засгийн газрын өрийн баталгаатай зээллэгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банк, “МИАТ” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК, АИ-92 автобензинийг имтпортоор авахад гаргасан Засгийн газрын баталгаа зэрэг зээл авсан байгууллагууд эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн гүйцэтгэж байна.
М.Сүхэхэй