Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулав.
Тэрбээр, Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамааралтайг нь бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлснийг мэдээлэлдээ онцолсон.
Уг тогтоол эрх зүйн удирдлага, зохион байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээрх 5 зорилтын хүрээнд 41 үйл ажиллагааны чиглэлд 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан гээд тус яамны дангаараа хэрэгжүүлэх 90, хамтран хэрэгжүүлэхээр 17 арга хэмжээ байгаа аж. Хэрэгжилтийн гүйцэтгэл 61.8 хувьтай байна гэж байлаа. Мөн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3153 аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгоод байгааг Д.Довчинсүрэн дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.
Нийт зээлийн эх үүсвэрийн ашиглалт 98 хувьтай байгаа бөгөөд зээлийн хүсэлтийн 50 хувь нь шийдвэрлэгдсэн. Тогтоолын хүрээнд 2025 оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт 88.2 тэрбум төгрөг тусгагдсанаас 2023 онд олгогдсон 832.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 40.9 тэрбум төгрөг, 2024 онд олгогдсон 428.7 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгийн 47.2 тэрбум төгрөгийг 2025 онд хийнэ гэж байлаа.
Зээлийн мэдээллээс харахад газар тариалангийн салбарт хамгийн олон аж ахуйн нэгжид зээл олгосон гээд салбар бүрд олгосон зээл, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.