Хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Эзлэн” тоглолт энэ сарын 17-19-нд Улсын циркт болно. Тоглолт болох гэж буйтай нь холбогдуулан түүний 24 баримтыг хүргэж байна.
1. Б.Чинбат. Айлын бага хүү. Дээрээ нэг эгчтэй.
2. Түүний эгч Гэрэлчимэг нь дүүгийнхээ хөгжмийн авьяастайг мэдэж, Хөгжим бүжгийн сургуульд аав, ээждээ хэлэлгүйгээр нууцаар бүртгүүлжээ. Хэрвээ аав, ээж нь мэдсэн бол түүнийг хэзээ ч хөгжмийн хүн болгохгүй байсан аж.
3. Чинбаагийн бурхан аав нь. Тэрбээр аавыгаа бурхан мэт шүтдэг бол ээжийгээ амьнаасаа илүүтэй хайрладаг.4. Тэрээр “Никитон”-д даралтат хөгжимчин байсан. Мөн Америкт төдийгүй дэлхийд амьд домог болсон Арета Франклины даралтат хөгжимчин байсан.
5. Б.Чинбатын найруулсан хөгжим АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр эгшиглэж байв. Учир нь Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг Монголоор овоглосон Чинбаа хийж байжээ.
6. Америкт хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай “Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг ийм авьяас дэлхийд цөөхөн хүнд заяадаг” хэмээн “Дэйлихералд” сонинд өгсөн ярилцлагадаа бахдан ярьсан байдаг.
7. “Соулын хатан хаан”, “Соул хатагтай” хэмээн өргөмжлөгдсөн нэрт дуучин Арета Франклины “A Woman falling out love” шинэ цомогт Б.Чинбатын дөрвөн дуу орсон талаар хөгжмийн сайтууд мэдээлж байв. Тэрээр Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэгээр ажилладаг юм. Энэхүү дөрвөн дууны найруулгад Арета Франклин ихэд сэтгэл хангалуун байгаагаа түүнд өөрийн биеэр хэлж, хүндэтгэл үзүүлж байжээ.
8. Түүний Америкаас ирснийхээ дараа найруулсан “Аравт” түүхэн киноны хөгжмийг найруулгыг хөгжмийн мастерууд ““Мандухай сэцэн хатан”-аас хойших түүхэн киноны хамгийн шилдэг хөгжмийн нэг болжээ” хэмээн өндрөөр үнэлсэн байна.
9. Зүүдэлж ч байгаагүй хувь ерөөл нь Стийв Уондертай нэг тайзнаа хамт тоглосон явдал гэнэ. Тэр энэ талаараа “Өөрийгөө чимхмээр санагдсан. Зүүдлээд байна уу даа гэж бодсон” хэмээн ярьж байсан удаатай.
10. Хамгийн дуртай хоол нь гурилтай шөл, бууз.
11. Чинбаагийн үзэн яддаг зан нь худал хэлэх. Худалч хүнд дургүй.
12. Эмэгтэй хүний ялдам, энхрий шулуун шударга занд дуртай.
13. Б.Чинбатыг “Жигүүр гранд”-ын ерөнхий захирал Д.Баттөр олон зуун саяар ивээн тэтгэж эрхлүүлдэг гэдэг. “Гранд” хамтлагийн дуунуудыг төгөлдөр хуураар амилуулж, хоёр цомог гаргахаар хоёр уран бүтээлч гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу АНУ-д очиж дууны найруулгыг хийлгэсэн байжээ.
14. Нэг дуу бичих ханш Америкт дунджаар 5000 ам.доллар байдаг. Ойролцоогоор хамгийн багадаа 50 гаруй мянган доллар студийн хөлсөнд төлсөн тухай хэвлэлээр бичиж байв.
15. Мөн Д.Баттөрийг Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтонд нь гуч дөчин саяыг шидэж ивээн тэтгээд зогссонгүй, 500 ширхэг билет 10 саяар худалдан авч давхар давхар хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
16. Тэрээр “Давтагдашгүй” тоглолтоо Төрийн ордонд хийж байв.
17. Усанд яг л загас шиг. Усанд сэлэх дуртай.
18. Чинбаа хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг. Өөрийнхөө зөв совинд 100 хувь итгэж, ихэнхи шийдвэрээ зөн совин, дотоод сэтгэлээ сонсч гаргадаг.
19. Түүний анхны хайр нь "Sweetymotion" хамтлагийн Сарнай. Тэрээр анхны хайртайгаа гэр бүл болж, өнгөрсөн оны зургадугаар сард хөөрхөн охинтой болсон билээ.
20. Харин тэднийг салах гэж байгаа талаар өнгөрсөн зун хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн. Гэвч уг мэдээллийг тэрээр үгүйсгэсэн байдаг.
21. Сарнайгаа миний гэргий гэж дуудах дуртай. Учир нь гэргийг “гэр гийгүүлэгч” хэмээн ойлгодог. Мөн Сарнайгийн гарын хоолонд нугасгүй, хол байхаараа тураад ядарчихдаг гэнэ. Мөн эхнэрээсээ олон хоног холдох дургүй гэжээ.
22. Уран бүтээлийн хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч нь Сарнай.
23. Тэрээр одоо "Sweetymotion" хамтлагийн продюсерээр ажилладаг.
24. Түүний энэ сарын 17-19-нд болох “Эзлэн” тоглолт сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа: Учир нь “Эзлэн” киноны хөгжмийн бие даасан Монголын хамгийн анхны тоглолт төдийгүй, хөгжмийн зохиолч нь өөрөө удирдаач хийж байгаа анхны тохиолдол аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)