Б.Баабар гэгч чухам ямар хүн бэ? Олон хүн түүнийг янз янзаар үнэлдэг. 24tsag.mn нийтлэлч Баабарын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Б.Баабар гэгч чухам ямар хүн бэ? Олон хүн түүнийг янз янзаар үнэлдэг. 24tsag.mn нийтлэлч Баабарын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Баабар буюу Б.Батбаяр. Хүмүүс түүнийг олон талын мэдлэгтэй шилдэг нийтлэлч гэж мэддэг ч тэрээр орчуулагч, нийтлэлч, улс төрч мэргэжилтэй нэгэн юм.
2. Б.Баабар 58 настай. Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Бага насаа 120 мянгатад өнгөрөөжээ.
3. Б.Баабарын аав эрдэмтэн хүн байжээ. Харин ээж нь 10 нас хvртлээ хөдөө мал маллаж байгаад хотод ирж суурьшсан хүн байдаг.
4. Боловсрол: 1972 онд дунд сургуулиа Улаанбаатар хотод төгссөн. Дунд сургуулиа төгсөөд нэг жил МУИС-д суралцсан. 1973-1980 оны хооронд Польш улсад суралцаж байгаад 1981 онд эргэн МУИС-д ирж суралцаад биохимич мэргэжлээр төгсжээ. Мөн ЗХУ-ын Москвагийн их сургууль, Лондонгийн эзэн хааны коллежид суралцсан. Орос, Англи, Польш хэлтэй. Эдгээр орнуудад улсын зардлаар суралцсан аж. Эрдэм шинжилгээний ажилтан, МСД намын дарга, чөлөөт нийтлэлч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт харш, байгаль орчинд хор нөлөө бүхий тогтвортой байдлын гэрээг Канадын Бороо Гоулд компанитай байгуулсан гэж хэвлэлүүдэд тэмдэглэжээ.
5. Б.Баабар 1989 онд Ардчилсан хөдөлгөөнийг байгуулахад С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлын хамтаар оролцож явсан. Тиймээс ч тэр Ардчилсан намын зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд чухал байр суурьтайгаар оролцдог. Нэг үгээр хэлбэл түүнийг Ардчилсан, ардчилсан намсаг үзэлтэй гэж хэлж болох юм.
6. Тэрээр анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалын гивлүүрийг хуу татан, үнэн нүүрийг нь илчилсэн гэдэг.
7. Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэл Монгол орон, Монгол үндэстэн угсаатан, Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийн мөн чанарыг шүүн тунгааж, залуусын оюун сэтгэлгээг үзэл суртлын хүлээснээс ангижруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
8. Түүний 90-ээд онд бичсэн нийтлэлүүд бүхэлдээ коммунист тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өөр зүйл огт мэдэхгүй байсан ард түмэнд ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн учир утгыг энгийн хэлбэрээр ойлгуулахад чиглэгдэж байжээ.
9. 1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" бүтээлээ туурвиж, түүхэнд шинжлэх ухаанч дүн шинжилгээ хийсэн юм.
10. Бүтээлүүд: “Монголчууд: Нүүдэл суудал”, “Зугаатай танин мэдэхүй”, (Б.Цэнддоогийн хамт), “Баабар ингэж өгүүлэв”, “Баабар мөн ингэж өгүүлэв”, “Баабар бас ингэж өгүүлэв” зэрэг ном бичиж байсан. Тэрээр зохиол бичихээсээ илүү орчуулга хийх дуртай. М.Фридманы “Капитализм ба эрх чөлөө” гэдгийг эхнэрийнхээ хамтаар орчуулж байсан.
11. 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байгаа
12. Хамгийн дуртай зохиолч нь Ф.Достоевский. Харин ширээний ном нь “Швэйк”. Монголынхоо зохиолчдоос С.Эрдэнийг үнэхээр давтагдашгүй гэж үздэг.
13. Олон хүн түүнийг янз янзаар үнэлдэг. Нийтийн дунд Б.Баабарыг маргахын аргагүй сайн нийтлэлч, үгээр урлах авъяастай хүн гэж нэрэлдэг ч Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй гэдэгт эргэлзэж, шүүмжилдэг хүмүүс ч байдаг. Судлаачид Б.Баабарыг чадварлаг “Тархи угаагч” гэдэг юм.
14. Б.Баабар бол шашнаас ангид хүн ч шашныг үгүйсгэдэг хүн биш. Тэрээр нийгмийн дэвшил, хөгжлийг л шүтдэг. Шинжлэх ухаанд л итгэдэг.
15. 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Монголчууд: Нүүдэл суудал” бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн. Гэхдээ тэрээр шагналыг “өвчин” гэж үздэг. Тийм ч их таашаагаад байдаггүй гэсэн үг юм.
16. Б.Баабар үе үеийн ерөнхийлөгчдийг их шүүмжилдэг байсан. “Очирбат гэж нэг муу хүн байсан. Н.Багабанди нь тэрнээсээ муу байсан. Н.Энхбаяр нь хоёуланг нь нийлүүлснээс ч олон дахин муу. Ингэхээр би дараагийн ерөнхийлөгчөөс одооноос айж байна. Улам л муу болгодог, улам л мууг нь шалгаруулдаг тийм механизм байгаа биз” гэж тэрээр ярьж байсан удаатай. Бүр Н.Багабанди гуайг “Монголын ард түмэнд нүүрлэсэн гай түйтгэр, шулмын хорлол” гэж байсан гэдэг. Харин одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар тэр юу гэж дуугарах бол...
17. Тэрээр өөрийгөө зоригтой хүн гэж хэлдэг. Тэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Түүний хэлж буйгаар өөрт нь айх зүйл байхгүй аж.
18. Б.Баабар статистик тоо цээжлэх хоббитой. Харин багадаа марк цуглуулах дуртай байжээ. Аль ч статистикийг хаанаас ч харсан цээжилж чаддаг гэнэ.
19. Тэрээр номыг маш хурдан уншдаг. Жорлонд ороод суухад л нэг ном уншиж дуусгадаг аж. Ингэхдээ гүйлгэж биш талбайгаар нь уншдаг.
20. Өөрийнх нь номуудыг өндөр боловсролтой элит сэхээтэн давхаргын хүмүүс уншдаг гэж тэр нэгэн ярилцлагадаа дурджээ. Б.Баабар ч өөрөө “Өдрийн сонин”, “Ийгл” телевизээс өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй.
21. Тэрээр хоол хийх их дуртай.
22. Б.Баабар үхэн үхтлээ Улаанбаатартаа амьдрана гэдэг. Гадаад орон уу яваад долоогоос илүү хонож чадалгүй буцдаг байна.
23. Түүний бичсэн ном, номын худалдааны рекордыг хэд хэдэн удаа эвдэж байсан билээ. Тэрээр "Зохиол, нийтлэлээ мөнгөний төлөө бичих үе байдаг" гэж нэг бус удаа хэлж байсан.
24. Өөрийн хэлсэн үг: “Би монгол хүний аугаа бололцоо, хэмжээлшгүй чадамжид итгэдэг. Би өөрийн ард түмний аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг.
Т.Хулан 24tsag.mn
Сэтгэгдэл (58)