Афганистан Улс цагдаа болон гаалийн 321 ажилтныг авлигын хэрэгт буруутган ажлаас нь халсан тухай ням гарагт албаныхан мэдэгдлээ.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр хурдны замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас хээл хахууль авсан, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлжээ.
Дотоод хэргийн дэд сайд, хошууч генерал Абдул Сабур Канех авлига авсан албан тушаалтнуудыг боловсролтой, чадварлаг ажилтнуудаар солино гэж мэдэгджээ.
Энэхүү албан тушаалтнуудыг ажлаас халах шийдвэрийг авлига, хээл хахуульд дургүйцсэн тээвэрчид гурван долоо хоногийн ажил хаялт зарласны дараа гаргажээ.
Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Тала Мохаммад “Бидэнд амласан шинэчлэл хийгдэхгүй бол дахин ажил хаялт хийх талаар уриалах болно” гэж Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Эцсийн дүндээ энгийн иргэд барааны хомсдолд орж, захууд хаагдахаас болж шаналах болно гэдгийг бид ойлгож байгаа тул засгийн газраас бидэнд өгсөн баталгааг үл харгалзан ажил хаялтаа зогсоов” гэж тэр хэлжээ.