Хойд Солонгосын гурван хакерын халдлагад дэлхийн олон банк, энтертаймент чиглэлийн компаниуд өртсөн байна. Хакерууд технологийн шилдэг IT инженерүүд төдийгүй санхүүгийн асар их мэдлэгтэй залуус байжээ.
АНУ-ын ерөнхий прокурор Жонн Демерс “Энэ ажиллагаа 2009 оны есдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн. Умард Солонгосын цэргийн тагнуулын ажилтнууд болох Жон Чан Хёк, Ким Ил болон Пак Жин Хёк нар энэхүү хэргийг зохион байгуулсан бөгөөд хохирогчдын компьютерууд руу нэвтрэн мөнгө, криптовалют болон БНАСАУ-ын стратегийн зорилгод шаардлагатай мэдээллүүдийг хулгайлсан гэжээ. Хадлагад “Сони” компаниас гадна “АМС” кино театрын сүлжээ, санхүүгийн байгууллагууд, криптовалютийн компаниуд, онлайн казино, батлан хамгаалахын гэрээлэгч компаниуд болон хувь хүмүүс өртсөн байна. Түүнчлэн Вьетнам, Бангладеш, Тайвань, Мексик, Мальта болон Африкийн хэд хэдэн банкны компьютерийн системд нэвтрэн хуурамч мэдээлэл илгээх замаар 1.2 тэрбум ам.долларыг хулгайлахаар оролдож байжээ.
АНУ-ын хууль хүчний байгууллагууд хакеруудыг илчилсэн ч одоогоор баривчилж чадаагүй байна. Харин хакеруудад тусалсан, мөнгө угаасан хэргээр АНУ, Канадын иргэншилтэй Галеб Алаумари гэгчийг баривчлаад байгаа ба түүний гэм буруутайг нотолжээ.