Хятадад уурхайн ослын улмаас амиа алдах хүний тоо эрс өсчээ. Тиймээс эрх баригчид нь бүх уурхайд шалгалт хийн, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйг нь бүрмөсөн хаах шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л, Шандун мужийн Хушань алтны уурхайд дэлбэрэлт болж, 30 орчим уурхайчин газрын гүнд гацсан юм. Аврах ажиллагааг нэг сар орчмын хугацаанд явуулснаар 11 уурхайчинг л эсэн мэнд гарган авсан билээ.
Гэтэл Жаоюань хотын ойролцоох алтны уурхайд дахин гал гарч, зургаан хүн харамсалтайгаар осолджээ. Гал нутгийн цагаар 06:00 цагт Цаожиова алтны уурхайд гарсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан арван уурхайчин гарах гарцгүй болсноос зургаа нь амь эрсдэж, амьд үлдсэн дөрвөн уурхайчинг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.
БНХАУ-ын уурхай дэлхийн хамгийн аюултайд тооцогддог бөгөөд 2020 онд гэхэд л 573 уурхайчин ослоос болж, амь насаа алдсан гэдэг тооцоо бий аж.
У.Тэргэл