АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Нью Жерси мужийн Атлантик Сити хотод “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборыг 1984 онд нээж байжээ. Казино, зочид буудалтай уг цогцолбор 2009 оноос үйл ажиллагаа нь доголдож, улмаар дампуурч хаалгаа барьсан байна. Трамп байгууламжаа бусдад худалдахыг оролдсон ч хэн ч авахыг хүсээгүй байна.
Цагтаа Холливуудын алдартай жүжигчид, рок попын оддын хөлд дарагддаг байсан уг барилга эцэстээ балгас болсон тул хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна хэмээн өчигдөр 3000 гаруй тэсрэх бодис байрлуулж, хэдхэн секундын дотор дэлбэлж, нураасан байна. “Trump Plaza Hotel and Casino”-г нураах ажиллагааг 10 ам.долларын төлбөртэйгөөр хүмүүст үзэж, сонирхуулжээ.
Нийт 39 давхар уг барилгаас найман давхар барилгын өндөртэй тэнцэхүйц нуранги үүссэнийг зургадугаар сар гэхэд цэвэрлэж дуусахаа Хотын захиргаа мэдээлсэн байна.
У.Тэргэл