Элон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Clubhouse аппликэйшнээр өөртэй нь ярилцахыг урьжээ. Тесла компанийн CEO Элон Маск сүүлийн үед Clubhouse аппликэйшнд донтоод байгаа аж. Тэрээр өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг тус аппликэйшнээр ярилцахыг урьж буйгаа Твиттер сүлжээгээр дамжуулан жиргэжээ. Ингэхдээ KremlinRussia_E буюу ОХУ-ын Засгийн газрын албан ёсны твиттер хаягийг мэншион хийж “Clubhouse дахь ярилцлагад минь нэгдээч, Ингэвэл миний хувьд нэр төрийн хэрэг болно” гэж бичсэнээ мөн оросоор орчуулан оруулсан байна.
Кремлиэс Элон Маскын урилгыг “Маш сонирхолтой санал байна. Гэхдээ бид ямар утгатай юуг санал болгож байгааг тань илүү тодорхой мэдэх хэрэгтэй байна. Тиймээс эхлээд шалгаад, дараа нь хариу өгье” гэжээ. Энэ талаар Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Ерөнхийлөгч нийгмийн сүлжээ ашигладаггүй. Албан ёсны сошиал хуудсуудаа тэр өөрөө хөтлөж явдаггүй гэдгийг та бүхэн мэдэх байх” хэмээжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчид Элон Масктай даваа гарагт утсаар холбогдож Clubhouse-ийнх нь саналын талаар ярилцсан аж.