Дуучин, загвар өмсөгч, Хилтон сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа нийтэд дэлгэжээ. Тэрээр өсвөр насандаа Прово Каньон хэмээх хувийн сургуульд суралцсан аж. Энэ үедээ бие болоод сэтгэлийн хүчирхийлэлд өртөж байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа өнгөрсөн онд нийтэд цацагдсан This Is Paris хэмээх хувийн амьдралыг нь харуулсан баримтат кинондоо хальтхан дурдсан байдаг.
Юта мужийн Сенатын хэлэлцэж буй өсвөр үеийнхэнд зориулагдсан эмчилгээний төвүүдэд тавих хяналтыг нэмэгдүүлэх эсэх тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Парис Хилтон өөрт нь тохиолдсон хүчирхийллийг илчилж байгаа нь энэ аж.
Тэрээр “Би өдөр бүр бие болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байсан. Гадаад ертөнцөөс тасарч, бүх эрхээ хасуулсан” гэжээ. Прово Каньон сургуулийн ажилтнууд түүнийг зодож, шүршүүрт орж байхад нь эрээ цээргүй орж ирж харах, ямар ч үзлэг шинжилгээгүйгээр дур мэдэн эм уулгаж, харанхуй өрөөнд нүцгэнээр нь хорих зэргээр хүчирхийлдэг байжээ.
“Тухайн үед би 16 настай байсан. Хүүхдээрээ байсан ч гэлээ эрх минь зөрчигдөж байгааг мэддэг байсан” гэж Парис Хилтон хэлжээ. Цэвэр агаараар амьсгалж, нарны гэрэл харах эрхгүйгээр 11 сарын турш хүчирхийлэлд өртөж байсан шиг нь явдал бусад хүүхдүүдэд битгий давтагдаасай гэж хүссэн учир ийнхүү маш чухал хуулийн төслийг хэлэлцэх үеэр хар дарсан өдрүүдийнхээ тухай хүмүүсээс ичиж нуулгүй ярьсан гэдгээ Парис Хилтон онцолжээ.
Харин Прово Каньон сургуулийн захиргаанаас “Тус сургууль нь 20 жилийн өмнө зарагдаж өөр өмчлөгтэй болсон. Тиймээс өмнөх өмчлөгчийн үед буюу Парис Хилтоныг суралцаж байх хугацаанд болсон зүйлд одоогийн удирдлага тайлбар хийх боломжгүй” гэж албан ёсоор мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (1)