ДЭМБ-ын олон улсын эрдэмтдийн баг коронавирусний халдвар анх дэгдсэн Ухань хотод ажиллаж байгаа билээ. Тус багийн ахлагчийн хэлснээр, 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд халдварын вирус өргөн тархсан байсан. Энэ нь Хятад улсад эрдэмтдийн тооцоолсноос ч эрт халдвар тархаж эхэлснийг баталж байна гэжээ.
ДЭМБ-ын олон улсын шинжээчид мөн Хятадын талаас өгсөн “КОВИД-19”-ийн сорьцыг сайтар судалжээ. Тэд вирусний генийн дарааллыг судалсны үндсэн дээр 2019 оны арванхоёрдугаар сард Ухань хотод коронавирусний 13 төрлийн мутац байсан. Тэдний зарим төрөл нь орон нутгийн захаас тархсан бол үлдсэн хэсэг нь захтай ямар ч холбоогүй гэж ДЭМБ-ын олон улсын эрдэмтдийн багийн ахлагч Эмбарек онцолсон байна. Мөн олон улсын багийн төлөөлөгчид томилолтын явцад томоохон дэвшилд хүрээгүй ч коронавирусний гарал үүслийн талаар ерөнхий таамаг дэвшүүлсэн гэж мэдэгджээ. Эрдэмтэд вирус зэрлэг амьтдаас завсрын холбогчоор дамжуулан халдварласан гэх таамгийг өндөр магадлалтай гэж үзсэн байна. Тэдний үзэж буйгаар, вирус эхэндээ нэгэн төрөл амьтан дунд тархаж, мутацад орсон ба төрөл хоорондын саадыг давж, хүмүүсийг халдварлуулах чадвартай болсон байж болзошгүй гэжээ.
У.Тэргэл