БНХАУ-ын эрх баригчид BBC-World News сувгийн өөрийн оронд дахь цацалтыг хоригложээ. Уг хоригийг Их Британийн засгийн газарт “БНХАУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрөхгүй” гэж анхааруулсан алхам байж магадгүй.
Уг хориг нь Их Британийн хэвлэл мэдээллийн Ofcom компани хятадын англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг хиймэл дагуулын мэдээний суваг China Global Television Network (GNTN)-ийн өөрийн улсад нэвтрүүлгээ цацах лицензийг цуцалснаас хойш 7 хоногийн дараа гаргаж буй шийдвэр юм. Хятадын гадаад хэргийн яам Ofcom-ийг лицензээ цуцалсны маргааш нь тэднийг “үзэл сурталжиж, хэт туйлширсан улс төрийн үндэслэлээр ажиллаж ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ Их Британийн хуулиар улс төрийн байгууллагуудыг лиценз эзэмшигчдэд хяналт тавихыг хориглодог.
БНХАУ дахь КОВИД-19 цар тахлын жинхэнэ нөхцөл байдал, Шинжааны Уйгаруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх, тэдэнд бэлгийн хүчирхийлэл үзүүлж буй зэрэг ноцтой мэдээллийг BBC агентлаг цацсан зэргийг Бээжин буруушаадаг.
Бээжингийн Үндэсний Радио Телевизийн Захиргаа BBC World News-ийг Хятадын тухай мэдээ сурвалжлагадаа үнэн, шударга байх шаардлагыг "ноцтой зөрчсөн" бөгөөд энэ нь Хятадын үндэсний ашиг сонирхол, угсаатны эв нэгдлийг алдагдуулсан гэж мэдэгдэв.
БНХАУ-д BBC-World News сувгийг зөвхөн гадаадын франчайз зочид буудал, гадны иргэдийн амьдардаг орон сууцны хорооллуудад л үзэх боломжтой.
Их Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Рааб Хятадын эрх баригчдийн гаргасан уг шийдвэрийг “ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хязгаарлалт” гээд “Хятад хэвлэл мэдээлэл, интернэтийн эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарладаг улс. Сүүлд хийсэн алхам нь БНХАУ-ын нэр хүндийг дэлхий нийтийн өмнө улам л унагах болно” гэж жиргэжээ.