АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден эдийн засгийг аврах төлөвлөгөөг хэлэлцэхээр Цагаан ордонд томоохон бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзжээ. Цагаан ордны зүүн танхимд болсон уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч болон Сангийн сайд нар оролцсон байна.
Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусний цар тахлаас үүдэн хямраад байгаа улс орны эдийн засгийг дэмжиж, сэргээх 1.9 их наяд ам.долларын цогц хөтөлбөр санаачлан Конгресст өргөн барихаар бэлтгэж буй аж.
Мөн томоохон бизнес эрхлэгчдэд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна. Ерөнхийлөгчийн хувьд эдийн засгийг сэргээх цогц хөтөлбөрийг Ардчилсан нам, Бүгд Найрамдах намынхан дэмжинэ гэж өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ. Түүний санаачилгад цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон зоогийн газар, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажилгүйдлийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэх, коронавирусний эсрэг вакцинжуулалтад нэмэлт санхүүжилт олгох асуудал багтжээ.
Гэвч Конгресс дахь Бүгд Найрамдах намынхан Ерөнхийлөгчийн уг санал өндөр өртөгтэй хэмээн шүүмжилж, эрс эсэргүүцжээ.
А.Сүх