Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны үдээс хойш Гималайн уулын мөсөн оргилын нэг хэсэг нурснаас 125 хүн сураггүй болжээ. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар гамшгийн бүс рүү олон зуун цэрэг, нисдэг тэрэг илгээсэн байна. Одоогоор далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, долоон хүний цогцсыг аврагчид олжээ.
Мөн сураггүй болсон иргэдийн 50 гаруй нь усан цахилгаан станцын төслийн ажилчид байсан бөгөөд бусад нь тосгоны оршин суугчид юм байна.
Судлаачдын хэлж буйгаар бол, "Цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарсан. Мөс уулын гол руу унахдаа их хэмжээний хад чулуу нурааснаас усны хүчтэй давалгаа үүсгэсэн” гэж үзжээ. Үер тухайн бүс нутгийн 500 орчим километр зайг хамран урссан бөгөөд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
У.Тэргэл