ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч А.Навальныйд холбогдох хэргийг шүүх хэлэлцээд, түүнд 3,5 жилийн хорих ял оноолоо. Өмнө прокурор 5-8 жилийн хорих ял төлөвлөсөн талаарх мэдээлэл гарч байсан. Харин ч санаснаас бага ял оноолоо хэмээж байгаа аж. Тодруулбал, А.Навальны гэрийн хорионд хоёр жил байсан. Энэ хугацааг шүүх хорих ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн тул тэрбээр найман сарыг л шоронд өнгөрөөхөөр болж байна.
Шүүх хуралдаанд А.Навальный “Путиний чаддаг ганц арга нь хүнийг хөнөөх. Хэдийгээр тэр өөрөө аугаа геополитикч мэт харагдахыг хүсдэг ч үнэндээ хордуулагч нэрээрээ түүхэнд бичигдэх болно. Оросын түүхэнд чөлөөлөгч Александр, цэцэн Ярослав, хордуулагч Путин гэж бичигдэнэ” хэмээн мэдэгджээ.
А.Навальныг дэмжигчид шүүх хурал болох үеэр шүүхийн байрны гадна цугларч, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон байна. Тэднийг хүчээр албадан тараах үеэр цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, хууль хүчний байгууллагынхан 500 орчим хүнийг баривчилсан байна. А.Навальный болон түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)