ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид түүнийг суллахыг шаардсан жагсаалыг ням гарагт буюу 2021 оны нэгдүгээр сарын 31-нд дахин өрнүүлнэ гэдгээ цахимаар мэдэгдэж, уриалга гаргаж байсан.
Тэгвэл энэ дагуу хоёр дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал болж, ОХУ-ын 86 хотод болсон жагсаалд өмнөхөөс харьцангуй цөөн хүн оролцсон ч 5000 орчим хүнийг баривчилсан байна. Энэ удаагийн жагсаалыг газар авахуулахгүйн тул эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөг урьдчилан хааж, хотын зарим дүүрэгт согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хязгаарласан байна. Цагдаа, хүчний байгууллагынхан уг жагсаалыг хууль бус хэмээгээд “Сovid-19”-ийн халдвар тараах өндөр эрсдэлтэй гэж анхааруулж байсан ч иргэд эрсдэлийг үл тоон жагссан байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Москва хотод нэг иргэн өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгджээ.
Путиний засаглалыг эсэргүүцэгч Алексей Навальныг 30 хоногийн хугацаатай баривчилсан бөгөөд маргаашийн мягмар гарагт түүнийг шүүх хурал болж, хэрвээ хорих ял оноовол эсэргүүцлийн жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байгаа аж.
Нөгөөтээгүүр, ОХУ-д болсон үйл явдалд олон улс шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд, “Оросын эрх баригчид хоёр долоо хоног дараалан тайван жагсагчид, сэтгүүлчдийн эсрэг хатуу харгис арга хэмжээ авч буйд АНУ харамсаж байна. Хүний эрхийг дээдлэх үүднээс А.Навальный тэргүүтэй хоригдож буй хүмүүсийг суллахыг бид дахин уриалж байна” гэжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр ажлаа хийж явсан 50 гаруй сэтгүүлчийг баривчилсныг олон улсын байгууллагууд мөн буруушааж байгаа юм.
У.Тэргэл