БНХАУ-ын Шандун мужийн Чишиа хотын ойролцоох Хушань алтны уурхайд дэлбэрэлт болж, 22 уурхайчин газрын гүнд гацсан ноцтой осол гарсан. Уурхайн гүнд гацсан уурхайчдаас эхний 11 хүнийг осол болсноос хойш 14 хоногийн дараа гаргаж авсан бол, нэг хүн шархаа даалгүй амиа алдаж, үлдсэн хүмүүсийг гаргах гэж хэдэн зуун аврагчид шаргуу ажиллаж байсан юм. Харин тэдний хувь заяа бүрхэг байсан билээ.
Харамсалтай нь, есөн уурхайчны цогцосыг өнөөдөр олсон байна. Мөн нэг хүнийг олоогүй байгаа ба эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Осол болсныг уурхайн удирдлагууд дэндүү хожуу мэдээлснээс аврагчид цаг алдан аврах ажиллагааг хожимдож эхлүүлсэн. Түүнчлэн осол болсноос долоо хоногийн дараа аврагчид нуранги дундуур ил гарсан нарийхан хоолой дундуур олс гүйлгэхэд олсны үзүүрээс татах нь мэдрэгдэж, амьд хүн бий гэсэн шинж тэмдэг үзүүлжээ. Улмаар амьд үлдсэн 11 уурхайчин олсны үзүүрт захиа уяж, өөрсдийнхөө байдлыг аврагчдад мэдэгдэн шаардлагатай эм, шөл зэргийг авч байснаараа эсэн мэнд аврагдсан билээ.
У.Тэргэл