Ухань хотод коронавирусний халдварын тохиолдлыг анх бүртгэснээс хойш нэг жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд БНХАУ хатуу хөл хориог олон сараар тогтоон цар тахлыг дарж чадсан билээ. Энэ тухайгаа ч тус улс зарлаж, өвчлөлийн голомтыг устгасан гэж байв. Гэвч байдал намжиж, тайвшрах болоогүй аж.
Учир нь, Хятадад намжаад байсан халдвар дахин огцом нэмэгдэж, түүх давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Хятад улсад энэ нэгдүгээр сард гэхэд л 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, Британид үүссэн шинэ өвчний мутац ихээр тарж, сүүлчийн 10 сарын хугацаанд байгаагүй хамгийн хүнд үе ирснийг зарлажээ.
Тиймээс Хятадын эрх баригчид хоолны газар, ресторануудыг богиносгосон цагаар ажиллахыг шаардаж, иргэдийг бөөнөөрөө цуглахыг эрс хориглосон байна.
Мөн цар тахлаас сэргийлэх зөвлөмжийг хотын өнцөг булан бүрт нааж, гудамж талбайд нэг удаагийн амны хаалт, бээлий хаях тусгай зориулалтын хогийн савыг байрлуулжээ. Өнгөрсөн жилийн хөл хориог санагдуулам цэнхэр майхнууд эгнэж, цэнхэр халадтай хүмүүс өнцөг булан бүрт байгаа нь иргэдийг түгшээж, түүх давтагдах нь гэсэн айдас төрүүлж эхэлсэн байна.
У.Тэргэл