АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо.Байдены тангараг өргөх ёслол дээр дэлхийн 74 сая хүүхдийн төлөөлөл болж, илтгэл тавьсан С.Чингүүнтэй Монгол TV-гийнхний хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Ташрамд, С.Чингүүнийг “Таймс” сонин 2020 оны онцлох хүүхдээр тодруулсан байна.
-Илтгэл тавих үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач. Анх энэ саналыг хаанаас тавьсан юм бэ?
-Том тайзан дээр үеийнхнийгээ төлөөлж, олон мянган хүний өмнө илтгэл тавьсандаа үнэхээр баяртай байгаа. Тиймдээ ч их ач холбогдол өгсөн. Хүүхдийн үндэсний аянаас анх мейл ирж, хүсэлт ирүүлсэн байсан. Хараад хэлж чадахааргүйгээр их баярласан. Тиймдээ ч энэ ховор боломжийг алдахыг хүсээгүй.
-Илтгэлээрээ юу хэлэхийг, ойлгуулахыг хүссэн бэ?
-Хэд хэдэн асуудлыг хөндөж, тавихыг хичээсэн. Нэгдүгээрт, өсвөр насныхны дунд сэтгэл зүйн хямрал их байдаг. Үүнд нийтээрээ, нийгмээрээ анхаарал хандуулахыг хүссэн. Хоёрдугаарт, сургуулийн боловсролын зардлыг бууруулахыг, хөнгөлөхийг хүссэн. Ялангуяа бага орлоготой айлуудын хүүхдүүдийн сургалтын төлбөрийн зээлийн хүүг бууруулахыг, хүүхдүүдэд сурч боловсрох боломж олгохыг, хүүхдүүд нэгнээ ялгаварлан гадуурхахыг таслан зогсооход эцэг эх, багш нар анхаарлаа хандуулахыг хүссэн байгаа.
-Илтгэл тавьснаас чинь хойш байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ. Мэдрэгдэж байна уу?
-Цахим орчинд дэмжсэн, талархсан, баяр хүргэсэн хүн олон болсон. Миний илтгэлийг сонсоод дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа нь зөв зүйлийг хөнджээ, асуудлаа олжээ гэж бодож, баярласан. Мэдээж, илтгэл тавьснаараа олон хүнд танигдсан. Энэ боломжоо ашиглан Монголынхоо нэрийг олон улсад гаргахыг хүсч байна.
-Монголдоо ирж байсан уу?
-Одоогоор очиж амжаагүй байна. Очих төлөвлөгөөтэй байсан ч ковидоос болоод чадаагүй. Гэхдээ би монгол хүн учраас монгол соёл, ёс заншлаа мэднэ. Энд бид үндэсний баяраа тэмдэглэдэг, бас монгол кинонд дуртай.
-Үеийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Хамгийн гол нь чамайг үргэлж дэмждэг хүрээлэл байх ёстой. Чадахгүй байсан ч чаднаа гээд босгодог, урам өгдөг гэр бүл хэрэгтэй. Намайг миний ээж, эмээ үргэлж дэмждэг. Мөн ямарваа нэг зүйлийг эхлүүлээд чадахгүй байсан ч итгэл алдахгүй байх хэрэгтэй гэж хэлье.