АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо. Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлж, өндөр хамгаалалт дор болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд алдарт дуучин Женнифер Лопез "This land is your land" дуугаа дуулж, Лэйди Гага төрийн дууллыг эгшиглүүлсэн бөгөөд дэлхийд тархаад байгаа цар тахлын улмаас тангараг өргөх ёслолын ажиллагааг цомхон хүрээнд даруухан хийж, хамгаалалтад дотоодын буюу Үндэсний гвардын 25 мянга гаруй алба хаагчийг дайчилжээ.
Ж.Байдены тангараг өргөх ёслолд дэд Ерөнхийлөгч Майк Пенс, экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Жорч Буш, Барак Обама болон Дээд шүүхийн шүүгчид иржээ. Харин Д.Трамп тангаргын ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд арга хэмжээнээс өмнө Цагаан ордноос явсан байна.
Жо.Байдены хувьд АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч бөгөөд тэрбээр тангарагтаа “АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэж, Үндсэн хуулийг дээдэлж, сахин ажиллахаа тангараглаж байна. Бурхан туслах болтугай” гэжээ.
Тангараг өргөх ёслол дуусангуут Жо. Байден хэдхэн цагийн дотор хэд хэдэн санамж бичиг болон 15 тушаал, захирамжид гарын үсэг зурсан байна. Үүнд, амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ дахин нэгдэх, ДЭМБ-ын гишүүнчлэлээ сэргээх, Исламын шашинт зарим орны эсрэг тавьсан визийн хорийг цуцлах, “Keystone XL” газрын тос дамжуулах хоолойн зөвшөөрлийг цуцлах, Холбооны Засгийн газрын байр, байгууламжид амны хаалт заавал зүүх, Д.Трампын Мексикийн хил дагуу хана босгон, онц байдал зарласан дэглэмийг цуцлах зэрэг шийдвэрүүд багтсан байна.
У.Тэргэл