ХБНГУ-д таван сар гаруй хугацаанд эмчлүүлж байгаад өнгөрсөн ням гарагт нутагтаа ирсэн Сөрөг хүчний удирдагч Алексей Навалныйг Шереметова нисэх онгоцны буудалд буусан даруйд нь хууль хүчнийхэн баривчилсан билээ. Түүнийг Химки хотын цагдаагийн хэлтэст 30 хоногоор саатуулсан юм. А.Навалный нисэх буудалд өөрийг нь тоссон дэмжигчдэд хандан “Огт итгэмээргүй үйл явдал болж байна. Энэ бол хууль ингэтлээ гажуудсаны тод жишээ юм” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Сөрөг хүчний удирдагч А.Навальныг шүүх хурлын товыг хоёрдугаар сарын 2-ны өдөр товложээ. Мөн тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдаагийн газраас хийсэн дүрс бичлэгтээ ОХУ-ын шүүх тогтолцооны шударга бус байдал, Ерөнхийлөгч В.Путиний засаглалыг хурцаар шүүмжилж, дэмжигчиддээ хандан эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхийг уриалсан байна. “Битгий ай. Чимээгүй байж огт болохгүй. Тэмц. Бид олуулаа. Тиймээс бид хүссэндээ заавал хүрэх болно” хэмээсэн юм. Энэ бүхний дараа А.Навальныг дэмжигчид болон хүний эрхийн төлөөх идэвхтнүүд Химки хотын цагдаагийн байрны гадаа цуглаж, эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлээд байна. Эсэргүүцлийн жагсаал цаашид хүчээ авах төлөвтэй байгаа тул цагдаагийн хамгаалалтыг чангатгахаар болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)