БНСУ-ын “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung Group” корпорацын өв залгамжлагч Ли Жэ Ёнд эрх баригчдад 8,7 тэрбум воны хээл хахууль өгсөн хэрэгт нь Сөүл хотын шүүхээс 2,5 жилийн хорих ял оноосон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан болоод хээл хахуулийн хэрэгт буруутган, албан тушаалаас нь огцруулсан билээ. Тухайн үед Ли Жэ Ёныг ч мөн энэ хэрэгт холбогдуулан саатуулж, таван жилийн хорих ял оноосон ч 2018 онд Давж заалдах шатны шүүх хээл хахуулийн хэмжээг бууруулж, таван жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж байсан билээ.
Харин дараа жил нь буюу 2019 оны наймдугаар сард тус улсын Дээд шүүх Ли Жэ Ёны хахуулийн хэргийг сэргээж, дахин хянуулахаар Сөүлийн шүүх рүү буцаасан юм. Энэ дагуу Сөүлийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргаж, ял оноожээ.
У.Тэргэл