ДЭМБ-ын эрдэмтэн, судлаачдын баг БНХАУ-ын Ухань хотод очин дэлхий нийтийг түгшээгээд байгаа цар тахал хаанаас үүсэлтэйг тогтоох хүсэлтийг тус улсын эрх баригчдад тавьсан. Харин тэд удтал цааргалсаар саяхан л зөвшөөрсөн юм. Энэ дагуу ДЭМБ-ын эрдэмтэн, судлаачид нийлсэн арав гаруй хүнтэй баг Уханьд өнөөдөр хөл тавьжээ.
ДЭМБ-ын багийг хүлээн авах талаар Ши Жиньпин НҮБ-тай олон сарын турш хэлэлцсэн бөгөөд Хятадын эрх баригчид судалгааны багийг хүлээн авахгүй сунжруулж, олны эсэргүүцэлтэй тулгарснаар эцэст нь арга буюу зөвшөөрсөн юм.
Өнөөдрийн байдлаар, коронавирусний халдвараар дэлхийн нийт 92 сая гаруй хүн өвчилж, 1.9 сая гаруй нь амиа алдаад байгаа билээ. Коронавирусний вирусийг анх сарьсан багваахай хүнд халдаасан хэмээж байсан бол эцэстээ вирусийг хүний гараар бүтээсэн гэх дуулиан тархсан. Энэ бүхнийг эцэслэхээр ДЭМБ-ын эрдэмтэн, судлаачдын баг Уханьд ажиллах ба үр дүнг хэзээ нэгэн цагт нийтэд зарлах нь тодорхой юм.
У.Тэргэл