АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сонсож баталгаажуулах Конгрессын хуралдаан эхлэхтэй зэрэгцэн өнөөгийн Ерөнхийлөгч Д.Трампын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарлаа. Трампыг дэмжигчид АНУ-ын хууль тогтоох байгууллага буюу Капитолд халдаж эмх замбараагүй байдал үүсгэснээс нэг хүн амиа алдаад байна.
Д.Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орж, хаалгыг нь эвдэж буй дүрс бичлэгийг “NBC” телевизээр үзүүлсэн ба одоогоор АНУ-ын Конгрессын байрыг цагдаа нар хамгаалалтдаа авч, бүслээд байна. Тиймээс хэв журам сахиулахаар Үндэсний гвардийн цэрэг оруулж, ойролцоох хот мужид хөл хорио тогтоожээ. Байдал хяналтаас гарсны дараа Ерөнхийлөгч Д.Трамп дэмжигчдэдээ хандан "Бидний саналыг хулгайлсныг бүгд мэднэ. Гэхдээ та бүхэн одоо гэртээ харих ёстой. Бидэнд энхтайван хэрэгтэй. Бид хуулийг дээдлэх ёстой" хэмээн мэдэгдсэн ч даанч хожимдсон байлаа. Жагсагчид тайвшрах нь бүү хэл Капитолын гол танхимд нэвтэрч, өрөө тасалгаагаар нь холхиж эхэлсэн тул Конгрессийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Мөн твиттер, фейсбүүк компаниас Дональд Трампын бичлэгийг устгаж, хаягийг нь 12 цагийн хугацаатай хаагаад байна.
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эмх замбараагүй байдалд иргэдийг өдөөн турхирсан Д.Трампын үйлдлийг олон улсын удирдагчид шүүмжлэлтэйгээр хүлээн авч байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн хуулиа хамгаалахыг Трампаас шаардлаа.