Венад болсон зэвсэгт халдлагын улмаас 5 хүн, тэдгээрийн дунд халдлага үйлдсэн 1 этгээд нас барж, 22 хүн бэртсэн, тэдний 7 нь маш хүнд амь нас нь эрсдэлтэй байна гэдгийг Дотоод хэргийн сайд Карл Нэхаммер мягмар гарагийн өглөө нотлов.
Халдлагыг зогсоох арга хэмжээний хүрээнд 15 байшинд нэгжлэг хийж, 14 сэжигтнийг баривчилсан байна. Дотоод хэргийн сайд “халдлагыг хамтран үйлдсэн этгээд байгаа эсэх талаар баталгаатай нотлох баримт одоогоор байхгүй, иргэдээс ирүүлсэн маш олон тооны зураг бичлэгийг мэргэжилтнүүд судалж байна” гэж мэдэгдэв. Халдлагын үеэр 2 эмэгтэй, 2 эрэгтэй гэм зэмгүй иргэн нас барж, 1 цагдаагийн албан хаагч буудуулж бэртсэн байна.
Хотын төвийн дүүргүүдэд тогтоосон цагдаагийн хамгаалалтын бүс хэвээр байгаа бөгөөд хөрш зэргэлдээ орнуудтай тохиролцсоны үндсэн дээр хилийн хамгаалалтыг чангатгасан байна. Холбооны Ерөнхийлөгч Ван Дэр Бэллен, Холбооны Канцлер Себастиан Курц нар болсон үйл явдалтай холбогдуулан нийтэд хандаж “Австри Улс хүнлэг сэтгэлгүй террорист үйлдэлийн эсрэг тууштай тэмцэж, шаардлагатай арга хэмжээг авна” гэж мэдэгдэв. Мөн халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүлд хандаж хүнд үеийг даван туулах чадалтай байхыг хүсч, эмгэнэл илэрхийлэв. Австри Улсад улс даяар 3 хоног гашуудал зарлав. Австри Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд анхаарал сэрэмжтэй байх, мөн коронавируст цар тахалаас урьдчилан сэргийлж суугаа орноос хэрэгжүүлж буй хөл хорио, хязгаарлалтыг чанд сахиж, халдвар хамгааллыг дэглэм мөрдөж байхыг ЭСЯ-наас зөвлөж байна.