Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй ойр байсны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгджээ.
Тэрбээр “Би “COVID-19”-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнтэй харилцсан байна. Одоогоор миний биеийн байдал сайн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэдий ч би ДЭМБ-ын протоколын дагуу өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллахаар болсон” хэмээн бичжээ.
Коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд бүх шаардлагыг тодорхой дагаж мөрдөх шаардлагатайг ДЭМБ-ын ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 46 сая гаруй хүн халдвар авч, 1.19 сая хүн нас бараад байгаа юм.