Европын Холбооны орнуудын төр, засгийн тэргүүн нар дээд хэмжээний шуурхай уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгуулж, коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Европын Аолбооны удирдагчид түргэвчилсэн шинжилгээ, халдварын тархалтыг хязгаарлах, вакцинжуулалт зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулна гэж тус холбооны Зөвлөлийн төлөөлөгч Брюссель хотод сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн төр, засгийн тэргүүн нар "ЕХ-ны гишүүн орнуудын хооронд харилцан туслалцаа үзүүлэх хувилбарыг" хэлэлцэх аж.
Европын орнуудад цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, эрх баригчид коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгасаар байна.
Цар тахал дэгдэхээс өмнө Европын Холбоо жилд дөрвөн удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг байсан боловч тус холбооны удирдагчид энэ жилийн хувьд зөвхөн аравдугаар сард гэхэд гуравдахь удаагаа хуралдах гэж буй нь энэ юм.